ISO 19011 стандарт ба дотоод аудит: төлөвлөлтөөс хэрэгжилт хүртэл
Дотоод аудит нь журам, стандартын шаардлага бодит ажилд хэрэгжиж байгаа эсэхийг шалгадаг. ISO 19011:2026 удирдамжийн дагуу аудитаа төлөвлөх, нотолгоо цуглуулах, илэрсэн асуудлыг шийдвэрлэх аргыг танилцуулъя.

ISO 19011 нь байгууллагын менежментийн тогтолцоонд аудит хийхэд ашигладаг олон улсын удирдамж юм. Аудитыг хэрхэн төлөвлөх, ямар мэдээлэл цуглуулах, дүгнэлтээ юунд үндэслэх, аудиторыг хэрхэн сонгох талаар чиглэл өгдөг.
Дотоод аудитын гол зорилго нь байгууллагын журам, стандартын шаардлага өдөр тутмын ажилд хэрэгжиж байгаа эсэхийг шалгах юм. Мөн ажлын доголдлыг илрүүлж, юуг сайжруулах шаардлагатайг тодорхойлоход тусална.
ISO 19011:2026 хувилбарын тухай:
ISO 19011:2026 нь 2026 оны тавдугаар сард нийтлэгдсэн дөрөв дэх хэвлэл бөгөөд ISO 19011:2018-ыг орлосон. Энэ нь аудит хийх удирдамж болохоос ISO 9001 шиг байгууллагын тогтолцоонд тавих шаардлагын стандарт биш. ISO 19011-ийн албан ёсны мэдээллийг үзэх.
Дотоод аудит ба өдөр тутмын хяналтын ялгаа:
Өдөр тутмын хяналтаар тухайн ажил, бүтээгдэхүүн, хэмжилтийн үр дүн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана. Харин дотоод аудитаар тэр хяналт тогтмол хийгдэж байгаа эсэх, хариуцлага тодорхой эсэх, илэрсэн алдаанд арга хэмжээ авдаг эсэхийг үнэлнэ.
Жишээлбэл, агуулахын ажилтан температурыг өдөр бүр хэмжиж бүртгэдэг байж болно. Аудитор бүртгэл байгаа эсэхийг үзээд зогсохгүй, хэмжилтийг тогтсон давтамжаар хийсэн эсэх, багаж хэвийн ажиллаж байгаа эсэх, температур зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн үед ямар арга хэмжээ авсныг шалгана.
Аудитын өмнөх бэлтгэл:
- Зорилгоо тодорхойлох. Ямар асуудлыг үнэлэхээ тогтооно. Жишээ нь шинэчилсэн журам бүх салбарт хэрэгжиж байгаа эсэхийг шалгаж болно.
- Хамрах хүрээгээ тогтоох. Аль салбар, ямар ажил, хэдий хугацааны бүртгэлийг шалгахаа тодорхойлно.
- Шалгуураа сонгох. Ямар стандарт, гэрээ, хууль тогтоомж, дотоод журмын шаардлагатай тулгаж үнэлэхээ тогтооно.
- Аудитын баг, хуваариа гаргах. Тухайн ажлыг мэддэг, хараат бусаар үнэлэх боломжтой хүмүүсийг сонгож, төлөвлөгөөг оролцогчдод мэдэгдэнэ.
- Шалгах мэдээллээ төлөвлөх. Ямар бүртгэл үзэх, хэнтэй ярилцах, ямар ажлыг газар дээр нь ажиглахаа жагсаана.
Дүгнэлтээ нотолгоонд үндэслэх нь:
Аудитын нотолгоо гэдэг нь шалгаж баталгаажуулах боломжтой мэдээлэл юм. Үүнд бүртгэл, баримт бичиг, ажиглалт, ярилцлагаар авсан мэдээлэл хамаарна. Ажилтны тайлбарыг боломжтой үед бодит гүйцэтгэл, бүртгэлтэй тулгаж үзнэ.
Тухайлбал, “Бид үүнийг байнга шалгадаг” гэсэн хариулт авбал хамгийн сүүлд хэзээ шалгасан, үр дүнг нь хаана бүртгэсэн, хэн хянасныг тодруулж болно. Ингэснээр дүгнэлт нь таамаг бус, шалгасан мэдээлэлд тулгуурлана. Аудитын талаар ISO/CASCO-ийн тайлбарыг үзэх.
Тайлангийн дараах ажил:
Илэрсэн асуудлыг тайлагнахдаа ямар шаардлага биелээгүй, хаана юу ажиглагдсан, түүнийг ямар нотолгоо баталж байгааг тодорхой бичнэ. Дараа нь асуудлыг хэн, хэзээ, хэрхэн шийдвэрлэхийг тохирно.
Жишээ нь ажилтан хуучин маягт хэрэглэж байвал зөвхөн шинэ файлыг явуулаад өнгөрөхгүй. Хуучин хувилбар яагаад ашиглагдсаар байгааг тогтоож, баримт бичиг түгээх, хадгалах журмаа засах шаардлагатай байж болно. Авсан арга хэмжээ алдаа давтагдах шалтгааныг арилгасан эсэхийг эргэн шалгаснаар аудитын үр дүн бодит ажилд хэрэгжинэ.
Аудитад бүх ажлыг нэг бүрчлэн шалгах боломж хязгаарлагдмал тул тодорхой бүртгэл, ажлыг сонгон шалгадаг. Иймээс тайланд ямар хугацаа, салбар, мэдээллийг хамруулснаа тодорхой тэмдэглэх хэрэгтэй.
Түгээмэл асуултууд:
ISO 19011-ийн гэрчилгээ авах шаардлагатай юу? Энэ нь байгууллагыг гэрчилгээжүүлэх стандарт биш. Аудиторын сургалтын гэрчилгээ нь байгууллагын менежментийн тогтолцооны гэрчилгээнээс өөр зориулалттай.
Өөрийн хийсэн ажлыг өөрөө аудитлаж болох уу? Аудитын хараат бус, бодитой байдлыг хангах хэрэгтэй. Жижиг байгууллага өөр чиг үүрэгтэй ажилтныг оролцуулах эсвэл гаднын аудитороос дэмжлэг авч болно.
Бэлэн шалгах хуудас хангалттай юу? Загварыг ашиглаж болох ч байгууллагын ажил, эрсдэл, шалгах шаардлагад тохируулж засна. Асуулт бүр юуг шалгах зорилготой нь ойлгомжтой байх ёстой.
Quality.mn-ийн дотоод аудитын үйлчилгээ нь аудитын төлөвлөлт, шалгалт, тайлан болон залруулах арга хэмжээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлдэг. Өдөр тутмын чанарын хяналтад дэмжлэг хэрэгтэй бол гэрээт чанарын албаны үйлчилгээтэй танилцаж, үнийн санал авах хүсэлт илгээгээрэй.
Эх сурвалж:
Мэдээллийг нягталсан огноо: 2026 оны 10 дугаар сарын 28.
Зургийн тайлбар: Хурлын ширээний ард баримт бичиг уншиж хэлэлцэж буй гурван хүн. Нийтлэлийн сэдэвтэй холбоотой гэрэл зураг. Зохиогч: cottonbro studio / Pexels. Зургийн лиценз.